Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоо үүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-01 17:51:10

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч эрхэлж буй үйл ажиллагааны орлого бага, улирлын чанартай болон тогтвортой биш учраас нийгмийн даатгалд тогтмол шимтгэл төлж хамрагдах нь бага явж иржээ. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөв гарчээ.

Үүний зэрэгцээ 2012 онд батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн 1990-1995 оны ажиллаагүй тасалдсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Хуулийн хүрээнд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн зарим хэсэг хамрагдсан ч уг хуулийг хэрэгжүүлэх хоёр жилийн хугацаанд 5 жилийн ажилласан хугацааг нөхөн тооцож,  5 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаанд төдийлөн нөлөө үзүүлээгүй байна.  

Тиймээс тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг баталсан нөхцөлд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоо үүсэх юм.

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻