Эхчүүд хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгалаа тасалдуулахгүй байж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-01 17:30:06

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан аж. 

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг энэ үеэр, "Хууль батлагдсанаар улсын төсөвт нэг их хүндрэл өгөхгүй. Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37962.0 сая төгрөг шаардагдана. Үүний 31107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1296.0 саяыг ажил олгогчоос, 5558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцсон. Ажил хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлж байхаар тусгасан. 

Харин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байгаа. Уг хуулийн төсөл батлагдвал малчдын тэтгэврийн нас таван жилээр наашилж эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болох юм" хэмээн гишүүдийн асуултад хариулж байлаа.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻