Ерөнхийлөгч В.Путин АНУ-ыг хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн шүүмжлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОрос улсын ерөнхийлөгч Владимир Путин Орос, Америкийн Засгийн газар хоорондын байгуулсан зэвсгийн илүүдэл плутонийг утсгалд оруулах талаар гэрээний хэрэгжилтийг зогсоох тухай хуулинд гарын үсэг зурав.
Өнгөрсөн пүрэв гаригт Оросын төрийн тэргүүн Олон улсын “Валдай” мэтгэлцээний клубын бүгд хурал дээр хэлсэн үгэндээ "АНУ хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна" хэмээн шүүмжилсэн билээ.
Тэрээр Орос улс гэрээнд заасны дагуу үйлдвэр барьж, зэвсгийн плутоний илүүдлийг үйлдвэрийн аргаар устгаж байгаа, гэтэл АНУ өөр зам сонгосон хэмээн сануулсан.
“АНУ өөрсдийн үйл ажиллагаагаа бидэнтэй зөвшилцөлгүйгээр зэвсгийн плутонийг шингэрүүлж, ямар нэгэн пластик саванд хадгалахаа зарласан. Үүнийг потенциалын буцаалт хэмээн нэрлэдэг. Ардуудын хэлээр энэ нь дуртай цагтаа баяжуулж, дахин үүрэнд нь буцаахыг хэлдэг. Гэтэл бид устгалд оруулж байгаа" хэмээн ерөнхийлөгч Путин онцлон тэмдэглэсэн. Мөн тэрбээр "Бид мөнгө зарж, үйлдвэр барьж байна. Бид чинь АНУ-наас баян юм уу? Энэ дашрамд хэлэхэд олон асуудалд ингэж хандаж байгаа” гэж ерөнхийлөгч Владимир Путин нэмж хэлсэн юм.
2009 оны 8 дугаар сарын 29-нд Орос-Америкийн хооронд зэвсгийн плутоний гэрээ байгуулжээ. Уг баримт бичигт хоёр тал тус бүр 34 тонн зэвсгийн плутони устгалд оруулах үүрэг хүлээсэн. Гэрээнд устгах аргыг тодорхой заасан бөгөөд эл төслийн шат бүрийн хэрэгжилтийг нарийн тусгасан юм. Ингэхдээ хоёр тал нэгэн зэрэг хийх ёстой.
Устгал 2009 онд эхлэх ёстой бөгөөд 2025 он гэхэд бүрэн дуусахаар төлөвлөсөн байжээ. Гэтэл янз бүрийн шалтгааны улмаас ялангуяа, санхүүгийн хүндрэлээс болж төслийн хугацааг 2035 он хүртэл сунгасан юм.
Москва хот. А.Огторгуймаа