Өвс тэжээлийг хангалттай базаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-31 22:32:43

Энэ өвөл Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 4043 малчин өрхөд 2,1 сая толгой мал  өвөлжинө. Одоогоор тус аймгийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэлийн ажил 93,1 хувьтай байна.

Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэлийг төлөвлөснөөс үлэмж давуугаар базаасан тухайгаа аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин мэдээлэв.  Мөн бэлчээрийн хортон мэрэгч амьтантай тэмцэх зорилгоор 9 сумын 40 мянган га бэлчээрт байгаль орчинд халгүй энгийн механик аргаар энэ ажлыг зохион байгуулж, 400 малчин өрхийг түр ажлын байраар ханган ажиллажээ.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ээлж дараатай хийж, одоогоор 11 сумын 160,2 мянган толгой үхрийг вакцинжуулаад байна. Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 92,8 хувьтай гүйцэтгэсэн ч Чойбалсан сумын Хөх нуур багийн 2 суурьт хонины цэцэг өвчин оношлогдож, сумаасаа 180 км-т алслагдсан энэ газарт өнгөрөгч долоо хоногт Улсын мал эмнэлэг, үржлийн газрын Ерөнхий малын эмчийн үүрэг гүйцэтгэгчээр ахлуулсан ажлын хэсэг ирж ажиллав. Тэд 6 малчин өрхийн 710 хонийг устгалд хамруулж, уг өвчнийг газар авахуулахгүй байхаар уг ажлыг зохион байгуулжээ.

Ургац хураалт Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар 97,8 хувьтай байна. Ирэх хаврын тариалалтад 1700 тонн үрийн будааг нөөцөлж, уринш боловсруулалтыг 6 сумын 12 аж ахуйн нэгж 21,8 мянган га-д хийжээ.

Б.Туяа

 

相关新闻