Цуглуулагч С.Бадрал 30 жил цуглуулсан үзмэрүүдээ дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын музейд нээлээ.
Халхын Анхдугаар Богд Жавзандамба
хутагт, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой энэ онд тохиож
байна. Түүний түүхэн гавьяа, үлдээсэн өвийг олон нийтэд таниулах зорилготой тус
үзэсгэлэнд урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч
С.Бадралын хувийн цуглуулгаар байгуулсан “Чингис, Монгол өв соёл” музейн сан
хөмрөгөөс оюун санааны өв болох судар ном, соёмбо үсгийн дурсгал, Жанлав Цогзол
судрын хуулбар, хөрөг зураг болон бурханы шашинтай холбоотой мянга орчим биет
үзмэрийг дэлгээд байна.
Урлаг судлалын ухааны доктор, профессор,
зураач, уран барималч С.Бадрал ярихдаа, “Эдгээр үзмэрийг 1980-ад оны
сүүлчээс 30 гаруй жил цуглуулсан. Нийгэм өөрчлөгдөж байсан тухайн цаг үед
хүн бүр өөрт хэрэггүй зүйлсээ ТҮЦ, хоршоогоор зарж байх үеэс л содон
юм харагдвал сонирхож, боломжоороо авдаг байсан. Орост оюутан байхдаа авч ирсэн аар саар юмаа зарчихаад, Гандангийн ТҮЦ, Нарантуул, Дэнжийн мянга захаас анх авдаг байлаа. "Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм" гэдгийг үлгэрээр ингэж худалдаж авсаар нэг мэдэхэд нэлээн цуглуулгатай болчихсон. Миний анхны цуглуулга Дэнжийн мянга захаас авсан хүрэл, төмрөөр хийсэн хас юм. Энэ нь шүрэн эрхиний
бөөр, хув, мал амьтан болон шатрын сийлбэр, авдар, сав, зан үйл, угсаатны дургал
гэж явсаар арвижсан. Тухайлбал, Өндөр гэгээний тарни уншлагатай арвайн
гурилаар бүтээсэн хонь, Ламын гэгээний шавь, өвөг дээдсийн минь буян хишгийн
сав, зандан хувин, модон ховд, мөн нагац буурал
аав Г.Пэрлийжамцаас үе дамжиж өвлөсөн дурсгалууд ч бий. Хэрэв би эдгээрийг цуглуулаагүй бол хүмүүс хуучин, сэвтэй, муудсан гээд л галд өргөж, эсвэл устгасан байгаа. Эдгээр ховор нандин дурсгалаа дэлгэж буй нь монголчууд оюун санааныхаа
өвийг нандигнаж, суралцаасай гэж хүссэн юм. Өндөр гэгээнтэй холбоотой дурсгал олон хүнд байдаг. Тэдгээрийг ард түмэндээ дэлгэн харуулаасай гэж хүсэж байна” хэмээв.
“Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг энэ сарын 21-нийг дуустал дэлгэх бөгөөд цуглуулагч нь үзэгч, судлаачидтай түүний өвийн талаар яриа өрнүүлэн, бэхэн зургаа зурж, үзмэрүүдээсээ тайлбарлаж байлаа. Тус музейнхэн үзмэрүүдийг судалгааны эргэлтэд оруулж, ном болгон хэвлэхээр төлөвлөжээ.