Халз тулаанд Монголын баг ОХУ-ын багт 3:6 оноогоор ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-31 13:31:42

ОХУ-ын Новосибирск хотноо болсон халз тулааны “Кубок Дружбы” тэмцээнийг байлдааны самбо, чөлөөт бөх, жудо, бокс, таеквондо, муатай бокс, сонгомол барилдаан, кикбоксын К-1, холимог бие хамгаалах урлаг гэсэн 9 төрлөөр хоёр улсын шилдэг тамирчдын дунд зохион байгуулсан юм.

Энэхүү халз тулааныг 8 мянга гаруй үзэгч сонирхжээ. Тэмцээний үеэр монголын үндэсний хоолны үзэсгэлэн худалдааг гаргасан байна. Монголын багийн ахлагчаар олимпийн аварга, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Оросын багийн ахлагчаар сонгомол барилдааны олимпийн хошой аварга Роман Власов нар ажиллав.

Энэ удаагийн 9 төрлийн халз тулаанд Оросын баг 6:3 оноогоор ялалт байгуулжээ. Тухайлбал, байлдааны самбо В.Сапликовыг Б.Дамланпүрэв /самбо бөхийн дэлхийн хошой аварга/ хожсон бол чөлөөт бөхөөр К.Куулар Д.Цогтбаатарыг хожсон, Жүдо бөхөөр Д.Каракизидийг дэлхийн аварга Г.Болдбаатар хожсон, боксоор Илья Медведев Баярхүүг ялсан байна.

Харин таеквондогоор А.Баглаевыг П.Бямбадорж хожсон бол муатай боксоор Игорь Петров, С.Батжаргалыг ялжээ. Кикбоксын К-1 төрлөөр Роман Казанцев, Х.Батжаргалыг дийлж, холимог бие хамгаалах урлагаар Николай Перепелица, С.Сүхболдыг ялсан бол сонгомол барилдааны төрлөөр Артём Сурков, Б.Хаш-Эрдэнийг дийлсэн байна.

Тэмцээнийг олимпийн 4 удаагийн аварга, биатлонч А.Тихонов, сонгомол барилдааны олимпийн аварга В.Сургашев, мэргэжлийн боксын 3 холбооны дэлхийн аварга, кикбоксын дэлхийн хошой аварга Наталья Рагозина, мэргэжлийн боксын дэлхийн аварга, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Николай Валуев, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, боксчин М.Алоян зэрэг ОХУ-ын спортын алдартнууд ирж тулааныг сонирхжээ.

Д.Өлзий

相关新闻