ЗАВХАН: Тогооны хөөний домыг одоо ч хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-10 16:47:05

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сартуулын хошууны нутгийнхан тогооны хөөний домыг одоо ч хэрэглэдэг. Говийн сумуудад ялангуяа үхэр сүргээ голлон өсгөдөг сумуудад үхрийнхээ аргалыг түлшиндээ хэрэглэх нь элбэг.


Аргал түлдэг айлын тогооны хөө илүү нарийн гардаг ба шинэ тогоо бол өдөрт долоон удаа тогоогоо шатааж байж нарийн хөө гаргаж авдаг байна.


Тогооны хөөг олон зан үйлд хэрэглэдэг бөгөөд насанд хүрээгүй нялх хүүхдийг харуй бүрийгээр гадагш гаргахдаа хоёр хөмсөгнийх нь хооронд түрхэж муу муухай бүхнээс хамгаалж домнодог ажээ.


Мөн долоон тогооны хөө гэдэг нь эрт үед долоон баян айлын тогооны нарийн ширхэгтэй хөөг авч бэлгэдлийн засал хийдэг уламжлалтай. Баян айл гал сайтай хоол сайтай, галаа харамгүй түлдэг тул тогооны хөө их гардаг байж. Үүнээс үүдээд л долоон тогооны хөө гэдэг болсон байна. Түүнчлэн ямар нэгэн муу үйлийг дарах, номхотгоход 7-9 тогооны хөөг ашиглаж золигт гаргадаг уламжлал бөөгийн зан үйлд ч бий.


Тогооны хөө нь ислэг ихт тортог. Хүний биеэс хорыг зайлуулагч маш хүчтэй тангийн төрөл ч гэж үздэг. Галын илчинд тортог задарсаар задарсаар маш нарийн бүтэцтэй талст болсон байдаг.


Элэг болон гэдэсний бүх хордлогын үед тогооны хөөг хэрэглэнэ. Гурван сар хүртэлх нярайд гараа сайн угааж байгаад аманд нь хөө түрхдэг ёс бий. Мөн хугархай ясыг хурдан бороолуулдаг. Хөөний гол үйлчлэл нь элдэв хордлогын үр сууриудыг өөртөө татаж наалдуулдаг. Шүлстэй нийлж задарч биед байгаа хорыг татна.


Мөнгө нь хөөг идэвхжүүлдэг байна. Хөөг хөрсөн үед нь авдаг домтой. Тогооны хамгийн их галтай ойр байдаг хэсгээс авна. Захын хэсэг нь зургийн хөө, хөмсөг сормуусанд түрхэхдээ шүлстэй холж түрхэх тусам илүү сайн ургана ч гэж үздэг байна.

Сонирхуулахад, аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ. Онгон дагшин байгальд бэлчээрт тааваараа идээшлэх монгол мал, тэр дундаа 200 гаруй төрлийн ургамал иддэг үхэр, сарлагийн баас буюу аргалыг ч олон талын зан үйл, анагаах үйлд ашигладаг уламжлал өдгөө ч бий.

Завхан аймгийн Орон нутгийг судлах музейд XVIII зууны үеийн төр гэрэлтийн 10 дугаар оны үеийн хүрэл тогоо бий.

Тус тогоо нь эргэн тойрон найман тахилын сийлбэртэй. 250-300 литрийн багтаамжтай цутгамал хүрэл тогоо юм.

Завхан аймгийн музейд эдүгээ 204 жил болж байна.

 

相关新闻