ДОРНОГОВЬ: “Тэнгэрийн хутагт” фестивалийн үеэр 100 мянган жуулчин хүлээн авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ бусад холбогдох байгууллагуудтай хамтран наймдугаар сард “Тэнгэрийн хутагт” фестивалийг дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын хийдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү фестивалийн үеэр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг тоглохоос гадна соёл урлагийн олон талын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Энэ жилийг Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд зорилтот жилийн ажлын хүрээнд хийхээр төлөвлөсөн томоохон ажлын нэг нь энэхүү соёл урлагийн үйл ажиллагаа юм.
Уг фестивалийг долоо хоногийн турш зохион байгуулах бөгөөд нийт 100 гаруй мянган аялагч жуулчдыг хүлээн авахаар төлөвлөжээ.
Ташрамд, “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг 2023 онд Дорноговь аймгийн баяр
наадам, соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын
Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд
Дорноговийн уран бүтээлчид найруулан олны хүртээл болгож байсан бол энэ удаа “Тэнгэрийн
хутагт” хэмээх соёл, урлагийн томоохон үйл ажиллагаа болгон өргөтгөн зохион байгуулахаар
болжээ.