ДОРНОГОВЬ: Анагаах ухааны сургуулийн цогцолбор барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-07 12:47:03

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барилгын шав тавих ёслол энэ сарын 6-нд боллоо.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд говийн бүсэд байрлах 63 жилийн түүхтэй, зүүн болон говийн бүсийн аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг тус сургуулийн хөгжил, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд  барилгын ажилд улсын төсвөөс 25,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөжээ.


Нийт 600 оюутны хичээлийн байр, 350 оюутны дотуур байр, 250 оюутны багтаамжтай номын сан, соёлын төв, спорт эко орчин бүхий цогцолбор барилгыг “Болор Аграмба” ХХК барьж 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээлсэн байна.


Тус сургуульд хүний их эмч, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр нийт 500 гаруй оюутан суралцаж байна. Сургуулийн шинэ цогцолбор барилга ашиглалтад орсноор сургуулийн оюутны тоо нэмэгдэж, олон шилдэг багш нар Дорноговьд ажиллахын зэрэгцээ хүмүүсийн суурьшил нэмэгдэж, эдийн засгийн хүрээ тэлэн, говь нутгийн хөгжлийн шатыг ахиулах боломж бүрдэх юм.


Зүүн болон говийн бүсийн аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэж буй анагаахын сургуулийн цогцолбор барилгыг барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын Хөгжлийн бодлогын баримт бичиг, Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

相关新闻