СЭЛЭНГЭ: Сурагчдын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх ажилд зориулан санхүүгийн дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн хэмжээний бүх сургуульд сурагчдын хүмүүжил
төлөвшилд эергээр нөлөөлөх ажлыг зохион байгуулахад зориулан
санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
“Өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт
хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” хэлэлцүүлгийн үеэр аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлөөс аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 35 сургууль тус бүрд 1 сая
төгрөгийн батламж олгосон байна.
Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хүмүүжил төлөвшилд
нөлөөлж, хандлагыг өөрчлөн ёс суртахууны зөв төлөвшилтэй иргэнийг бэлтгэхэд
өөрсдийн санаачилсан үйл ажиллагаа болон бусад орны сайн жишиг, үйл ажиллагааг судалж сургууль бүр өөр өөрийн
онцлогтойгоор хэрэгжүүлэхэд энэхүү нэг
сая төгрөгийг зарцуулах юм. Тодруулбал:
-Мэндлэх, хүндлэх ёсыг төлөвшүүлэх
-Харилцааны соёлд сургах
-Цаг баримтлах чадварыг хөгжүүлэх
-Эрхээ мэдэж, үүргээ биелүүлэх чадварыг хөгжүүлэх
-Сургууль, сурагчийн дүрмээ байнга хэрэгжүүлэх
-Бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, туслах
-Сайн үйлсийн аян зохион байгуулах, нэгдэх
-Зохистой цахим хэрэглээнд сургах
-Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, удирдах гэх мэт сурагчдын
хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх ажлыг зохион байгуулах юм.