ЗАВХАН: "Тусгаар тогтнол" шүлгийг 108 сурагч уншлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 108 сурагч Завхан аймгийн төв талбайд уншлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 3333 сурагч 2016 онд энэхүү шүлгийг Сүхбаатарын талбайд уншсан. Үүнээс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсон юм.
Энэ жилийн хувьд тус сургууль "Тусгаар тогтнол 3333" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээж, 21 аймгийн төв талбайд нэг цагт, нэгэн зэрэг шүлгээ уншлаа.
Завхан аймагт, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллеж, Монгол Улсын Консерваторын харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 108 сурагч уншиж сонордууллаа.
Аймгийн төв талбайд болсон энэ үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Мөнхзаяа, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Д.Бямбацогт болон сургуулиудын удирдлагууд, багш нар оролцлоо.
Энэ үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн үлээвэр хөгжмийн салаа оролцсон нь онцлогтой боллоо.
“Тусгаар тогтнол” шүлгээр дамжуулан хүүхэд залуучуудад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг энэ уламжлалт үйл ажиллагааг ирэх жил өргөжүүлэн сумдад зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тусгаар тогтнол шүлгийг 7 сургуулийн суралцагчид уншлаа
Гэрэл зургийг: З.Ариунтуяа