БУЛГАН: Хөгнө-Тарна байгалийн цогцолборт газар хоёр аймгийн гурван сумын нутгийг дамнан оршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-04-03 15:03:47

Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар нь Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбайтай үзэсгэлэнт газар юм. 


Хөгнө Тарнын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Булган аймгийн Рашаант сум дахь сум дундын Цагдаагийн тасагтай хамтран хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэл бүхий Хөгнө хан уулын ар, Айргийн нуруу, Их бага Түлүү, Нөөлгөт, Арцат орчмоор нутаглаж буй 32 өрхтэй гэрээ байгуулж, Улсын комиссын 01 тоот БОУАӨЯ-ны А/112 тушаалын хэрэгжилтийг хангах тухай, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл, галын сануулга өгсөн байна.


Уг цогцолборыг 1997 онд байгалийн нөөц /470 хавтгай дөрвөлжин км/ газар болгосныг 2003 онд 844 хавтгай дөрвөлжин км талбайгаар байгалийн цогцолбор газар болгон Улсын тусгай хамгаалтад авсан байна. Хөгнө хаан уулыг эрт дээр үеэс Хан хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий.


Хөгнө хаан уул нь Богд хаант Монгол Улсын үед төр шашны холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ. Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнө хааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй.


Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй. Цогцолборын хамгийн том гол нь Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умард биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг гол цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай.


Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн Их Монголын элс хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын голдирол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ.


Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтан элбэг. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм.


Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг.


Хөгнө хаан ууланд Өвгөн, Залуу хийд, Молтойн амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янги Хөгнө хаан ууланд Өвгөн, Залуу хийд, Молтойн амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу маанийн хадны маанийн үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүжүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг.


Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхдын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.





相关新闻