Чөлөөт бөхийн шигшээ багийнхан ААШТ-ээс 10 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-31 09:35:02

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсын шигшээ багийнхан 10 медаль хүртлээ.


Тус тэмцээнд оролцсон эмэгтэйчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан. Тэгвэл эрэгтэйчүүд хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар мөн л IV байр эзлэв. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-д Н.Батбилгүүн хүрэл медалиар энгэрээ мялаасан бол 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ. Н.Батбилгүүн тивийн аваргаас анхны медалиа авсан. Харин 2023 оны Азийн аварга М.Лхагвагэрэл тус тэмцээнд хоёр дахиа финалдсан ч алтын төлөөх барилдаанд Ираны бөхөд 6:0-ээр дийлдсэнээр мөнгө дээр буулаа.


Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын шинэ бүрэлдэхүүний эхний шалгалт ААШТ байсан бөгөөд аварга төрүүлж чадаагүй ч 10 медальтай эх орондоо ирж байна.


ААШТ-ийг багийн дүнгээр эмэгтэйчүүдээс Япон тэргүүлж, Хятад, БНАСАУ удаалсан. Харин эрэгтэйчүүдээс Иран түрүүлж, Япон, Казахстан хоёр, гуравдугаар байрт шалгарчээ. 











相关新闻