Л. Батсайхан: Энэ хавар, намар 5,2 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-27 09:56:03

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Удахгүй хаврын мод тарилтын үе ирэх гэж буйтай холбогдуулан Орхон аймгийн Байгаль орчны газрын ой биологийн төрөл зүйл цөлжилт, газарзүйн мэдээллийн санг хариуцсан мэргэжилтэн Л.Батсайхантай ярилцлаа.

 

-Орхон аймаг бусад аймагтай харьцуулахад Эрдэнэт үйлдвэр байдаг утгаараа байгалийн нөхөн сэргээлт маш шаардлагатай тийм ч учраас хамгийн их мод тарих амлалт авсан аймгуудын нэг болсон. Өнгөрсөн хугацаанд хэдэн сая мод тарьсан бэ?

-Орхон аймаг 20 сая мод тарих амлалт авсан. Улс даяар хавар, намрын мод тарих өдрүүдийг тохиолдуулан 2024 онд ААН, байгууллагууд иргэдтэйгээ хамтран 1,4 сая мод тарьсан. 2024 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 4,5 хувь байсан бол өссөн дүнгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 9,4 хувь болж нэмэгдлээ. Голын голдиролын дагуу мод тарьж буй ч гол үр дүн нь ногоон байгууламжийн хувь нэмэгдэлт гэж харж байгаа.


 

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш мэдэгдэхүйц ямар өөрчлөлт гарсан бэ?

-Тус үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо хоёр дахин нэмэгдсэн төдийгүй хөдөлгөөн эхлэхээс өмнө жилд дунджаар 50-60 аж ахуйн нэгж байгууллага оролцдог байсан бол төрийн байгууллагууд 100 хувь оролцдог болж, хувийн байгууллага 150-200 орчмоор нэмэгдээд байна.

 

-Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетикийн төвтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн ойн генетикийн төвд 3 төсөл хэрэгждэг. Үр хадгалах 1000 тоннын хүчин чадалтай зоорь, хөрсний нөөцийн төв, мод үржүүлгийн газар гэсэн байдлаар ажилладаг.

Мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч иргэд бургасны мөчир 20000 гаруйг ойн генетикийн төвд үр хадгалах агуулахад хадгалуулахаар хүргүүлснийг өнгөрсөн 7 хоногийн мэдээнд ирүүлж байсан.

Аймгийн хэмжээнд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өрнүүлснээс хойш нийт 20 мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчтэй болсон.

 

-Мод тарилтын ургалт хэр байгаа вэ, бэрхшээл байна уу? Одоо мод тарих нь чухал боловч цаашид арчилж ургуулах нь нэн чухал болсон.

-Сүүлийн 3 жилд аймгийн хэмжээнд тарьсан модны дундаж дүнгээр 87 хувийн ургалттай байна. Одоо "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модны ургалтын хувийг тодорхойлох ажлын багийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байна.


Иргэдийн хашаандаа мод тарих ажил нэмэгдсэн. Хашаандаа мод тарьдаг иргэдээ ч урамшуулсаар ирлээ. Сүүлийн гурван жилд эхэндээ 50-60 орчим иргэн анх хашаандаа мод тарьдаг байсан бол одоо судлаад, уралдаан тэмцээнд орох хүсэлтээ ирүүлж буй иргэдийг харахад идэвхтэй 450 орчим иргэн байна.

 

Хүндрэл бэрхшээлийн хувьд манай аймаг газар нутаг багатай, мод үржүүлгийн газар аж ахуй эрхлэхэд газар олголтын асуудал бол хүндээр тусаж байгаа. Тэгэхдээ ер нь ойрын хугацаанд энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг тал дээр маш их анхаарч ажиллаж байна.


Мөн жижиг бизнес эрхлэгч модоо худалдан борлуулахад одоогоор зах зээл жоохон хумигдмал байдалтай байна гэж харж байгаа. Эдийн засгийн хувьд 2 эх үүсвэрээс хараат байна.

Нэгдүгээрт  төрөөс зөвхөн мод худалдан авах болон ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах, хотын ногоон байгууламжийг бий болгох тендер зарлаж байгаа нь, амлалт өгсөн томоохон үйлдвэр ААН-үүд модоо төрөөс л худалдан аваад байгаа нь мод тарих ажилд зах зээлийн хоёрдогч шугам болчихсон учраас шинээр мод үржүүлгийн бизнес эхэлж байгаа иргэдэд хүндрэлтэй байна.


Энэ хоёр дээр тендер шалгаруулалт явуулж байгаа учраас иргэд шууд оролцох боломжгүй байдаг. Мөн олон улсад болон сүүлийн 2 жил Монгол Улсын хэмжээнд байгаль орчны салбарт яригдаж байгаа хүлэмжийн хийн асуудал, түүний борлуулалтад оролцох зах зээлийг нээж өгвөл илүү хөгжинө гэж харж байгаа.

-Энэ онд та бүхэн ямар зорилго зорилттой ажиллаж байна вэ?

-Энэ онд 700 000 мод тариад 5,2 сая мод тарих зорилтод хүрье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон нутгийн хөрөнгөөр ойжуулалт хийх тендерийн ажлаа зарлаад байна. Гүйцэтгэгч шалгараад гэрээ байгуулах шатандаа явж байна. Жижиг уул уурхайн компаниудад ойн зурвас байгуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах, төрийн байгууллагуудын оролцоотой авто зам дагуух ойн зурвасаа тэлэх зорилготой байна.  

Энд тарих тарьц суулгацыг бий болгохоор 5 дугаар сарын 10-нд уламжлал ёсоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


相关新闻