Кале хотын дүрвэгчдийн хуаранг бүрмөсөн татан буулгасан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-27 08:24:42

ПАРИС. /NHK/. Францын хойд нутгийн Кале хотын дүрвэгч, цагаачдын хуаранг бүрэн цэвэрлэж, бүрмөсөн татан буулгасан гэж тус хотын албаны хүн мэдэгдэв.

Уг хуаранд байсан 8000 орчим цагаач, дүрвэгчдийг Францын бусад хотууд дахь 450 байгууламжид хуваарилан байрлуулах шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргасны дараа даваа гарагаас эхлэн цагаач, дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн билээ.

Гэвч Францын зарим хэвлэлд бичсэнээр, зарим дүрвэгчид хуаранд үлдсэн байна. Тэдний зарим нь эсэргүүцлээ илэрхийлж, майханд байрлаж байгаа аж. Учир нь тэд энэ хуарангаас явбал Их Британид очих боломжгүй болно гэж үзэж байгаа гэнэ. 

Тус хуаранг Африк, Ойрхи Дорнодоос ирээд Ла-Маншийн хоолойг гатлан Их Британид очих хүсэлтэй цагаач, дүрвэгчид босгосон байна.

Гэтэл Кале хотод тайван амгалан байдал алдагдаж, ариун цэврийн нөхцөл байдал дордсоор байгаа тул тус хотын оршин суугчид хуаранг татан буулгахыг шаарджээ.

Д.Нямтулга

 

相关新闻