Инженерийн шугам сүлжээг шинээр 21 байршилд угсарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд инженерийн шугам сүлжээг шинээр 21 байршилд угсарч, 143 байршилд өргөтгөж шинэчлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал, энэ онд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажил гүйцэтгэх бөгөөд үүнээс инженерийн шугам сүлжээний 164 ажил хийхээс 21 байршилд нь шинээр угсрах юм. Мөн авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлтийг 11 байршилд хийхийг албаныхан мэдэгдлээ. Тухайлбал, дулааны шугам 13 км, үүнээс гол шугам 8.7 км байна. Орон сууцны хорооллын дундах шугам сүлжээ 15 км, цэвэр усны шугам 1.1 км, бохир усны шугам 12.4 км, авто замын борооны ус зайлуулах 15.6 км шугам сүлжээг долоон байршилд, үерийн хамгаалалтын найман км далан сувгийг шинээр барих аж.
Түүнчлэн
санхүүжилтгүйн улмаас саатсан “Туул-1” коллекторын 10 гаруй км-т бохир усны
коллектор барина. Дэлхийн банкны санхүүжилтээр хорооллын дундах болон Жуковын
музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэл замын дундах байршилд дулааны шугамын
ажил хийнэ. Энэ ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэх юм байна.