ОРХОН: “Цагаан арслан" цомоор аймгийн шилдэг байгууллагуудыг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.Орхон аймгийн ИТХ-ын “Цагаан арслан” шагналаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Шүүхийн тамгын газар, Ерөнхий боловсролын “Эрдмийн сан“ сургуулийг тус тус шагнаж, алдаршууллаа.
Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах төлөөллийн үүргээ амжилттай биелүүлж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, үйлдвэрчний эвлэлийн хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн ажлын амжилтаараа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2024 оны “Шилдэг гишүүн байгууллага”-аар шалгарсан юм.
Математик, гадаад хэлний төрөлжсөн сургалтай “Эрдмийн сан” сургууль математикийн судлагдахуунаар төвийн болон хойд бүсэд сүүлийн 3 жил дараалан тэргүүлж, улсын олимпиадад багаараа эхний гурван байрт шалгарч, IMC, EGMO, Иран, Энэтхэг, Гүрж, Казакстанд зохион байгуулсан олимпиадаас мөнгө, хүрэл медаль, тусгай байруудыг эзэлсэн өндөр амжилт гаргаад байна.
Орхон аймгийн шүүх БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1975 оны 25 дугаар зарлигаар байгуулагдаж, өдгөө тус байгууллагын 50 жилийн ой тохиож байна. Тус байгууллага Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөө, иргэн хуулийн этгээдийн хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхлыг аливаа халдлагаас хамгаалах хууль, шударга ёсны баталгаа болж, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа юм.