ОРХОН: Аймгийн музейн үзмэрүүдийн 70 гаруй хувь нь бурхан шашны бүтээл байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-28 16:58:55

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн орон нутгийн музейд Монгол Улсын түүх, дурсгалт өв соёлыг хадгалсан 1762 үзмэр бий. Эдгээр үзмэрүүдийн 70 гаруй нь бурхан шашны бүтээл байгаа юм.


Дара эх бурхан

 


Бадам цэцгийн саран мандал бурхан дээр босоо байрлалтай байх уг бурхан нь XIX зууны бүтээл бөгөөд өндөр нь 13 см, жин нь 285 гр ба алтаар бүрэн, шармал гуулиар цутгаж бүтээжээ.


Дара эх бурхан нь төвөдөөр бол Должин гэсэн нэр. Дара эхийг бурхны шашны аль ч хөлгөн, урсгал хамаарахгүй нийтээр шүтдэг сахиус бөгөөд Жанрайсэг бурхны нулимсан дуслаас бий болсон гэсэн домогтой. Өөр нэгэн домогт, Дара эх урьд нь нэгэн хааны охин байж байгаад тухайн үед заларч байсан бурхад, лам хуврагийн оронд сүсэглэн биширч, их хэмжээний өргөл барьцыг байнга өргөдөг байжээ. Бурхан багш хааны охинд “чи буян ихээр хурааж байгаа тул эрэгтэй төрөл олоод, бурхны хутагт болох ерөөл өргөе” хэмээжээ. Гэтэл хааны охин “орчлон хорвоод эр төрлийн дүрээр заларч амьтанд тусыг үйлдэж буй бурхад олон буй. Харин би эх бурхан болж, хорвоо хоосрох хүртэл бусдад тусыг бүтээж байя” хэмээн тангараг өргөтөл төд удалгүй бурхны хутгийг олжээ гэж домоглосон байна.


Майдар бурхан


Майдар бурхан нь идэр залуу бодисадва дүрээр баруун мутраар ном хэлэлцэх мутарлага үйлдэж, зүүн мутартаа мөнхийн рашаатай бумба барин бадам цэцгийн саран мандал дээр зогсоно. Он цагийн хувьд XVII зууны сүүлчээр бүтээсэн агаад өндөр нь 26 см, жин 1690 гр алтаар бүрж, шармал гуулиар цутган хийжээ.


Майдар гэдэг нь үлэмж их хайр нигүүлсэл гэсэн утга бүхий санскрит үг бөгөөд Сайн цагийн мянган бурхны нэг юм. Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурхан нь идэр залуу эр хүний биеийн гоо сайхныг илэрхийлж, алхаж яваа байдал нь түүний санаандгүй байдлыг, мишээсэн амгалан дүр нь сайн сайхныг авчрахыг бэлгэдсэн ажээ.  


Аймгийн музейд буй бурхдыг 1986 оноос эхлэн зарим иргэдийн гар дээрээс өв уламжлан ирсэн бүтээлүүдийг ихэвчлэн худалдан авч хүндэтгэн байршуулж иржээ. Харин бурхдыг бүтээсэн дархчуул урлаачдын мэдээлэл энэ он цагуудад бүдгэрсээр байгааг музейн албан хаагчид онцоллоо. Мөн улсын хэмжээнд түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого явуулж байна.






 


相关新闻