Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар бөхийн өргөөнд анх удаа түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-26 10:09:17

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан боллоо.


Уг барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан М.Гантулга үзүүрлэв. Н.Амгаланбаатар бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд анх удаа түрүүлж байгаа юм. Үүнээс гадна Дундговь аймгийн бөхчүүдийн сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны тохиолдол нь энэ болж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Дундговь айман болон Налайх дүүргийн сар шинийн барилдаанд түрүүлсэн билээ. Тэгвэл аймгийн арслан М.Гантулга бөхийн өргөөнд анх удаа үзүүрлэв.


Энэхүү барилдааны их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Архангай аймгийн Тариат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа. Харин наймд аймгийн арслан Х.Наранбаяр, Ц.Лувсан-Адъяа, цэргийн харцага Д.Төрбаяр, аймгийн харцага Б.Сайнбаяр нар үлдэв.


Өнөөдөр 13:00 цагт Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаантай. Хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүд битүүний барилдаанд зодоглох эрхээ авна.





相关新闻