МҮОХ-ноос олимпын медальтнууддаа хүндэтгэл үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд өнөөдөр олимпын наадмаас медаль авсан тамирчдаа, тэдний гэр бүлийнхнийг “Олимпик хаус”-таа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын шигшээ баг тамирчид түүхэндээ анх удаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцсон билээ. Энэ түүхэн үйл явдлаас дөрвөн жилийн дараа буюу 1968 онд 20 тамирчин Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд өрсөлдөж, 1968 оны аравдугаар сарын 20-ний өдөр хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр монголчуудын медалийн хагалсан билээ. Түүний үргэлжлэл хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат мөнгө, ардын багш, гавьяат тамирчин, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медалиар энгэрээ мялааснаар 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт шалгарч байв.
Түүхэн амжилтын
эхлэл болсон аравдугаар сарын 20-ний өдрийг “Олимпын медальтнуудын өдөр” хэмээн
тунхаглаж, тогтсоноор жил бүр олимпын медальтнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Өнөөдрийн уулзалтад 1968 оны Мехикогийн олимпын наадмын
хүрэл медальт Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, 1976 оны Монреалын олимпын мөнгөн медальт З.Ойдов, 1980
оны Москвагийн олимпын хүрэл медальт Р.Даваадалай, 1992 оны Барселонагийн олимпын
хүрэл медальт Н.Баярсайхан, 1996 оны Атлантагийн олимпын хүрэл медальт
Д.Нармандах, 2008 оны Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа,
П.Сэрдамба, 2020 оны Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, С.Батцэцэг
нарын тэргүүтэй тамирчид оролцжээ.
Монгол Улс хүн төрөлхтний их цэнгэл наадам Олимпын наадмаас өнөөдрийн байдлаар хоёр алт, 12 мөнгө 17 хүрэл нийт 31 медаль хүртээд байгаа юм.