ӨВӨРХАНГАЙ: Өлзийт сумаас тав дахь "Улсын аварга малчин" тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-25 16:12:02

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Өлзийт сум модон могой жилийн сар шинийн босгон дээр тав дахь улсын аваргаа тодрууллаа. 


Борхошуу багийн малчин Лувсангийн Нэргүй 1986 оноос хойш 39 жил мал маллаж байна. 1990 онд Б.Долзодмаатай гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ малынхаа тоо толгойг өсгөх, үүлдэр угсаа, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад анхаарч, тууштай хөдөлмөрлөж ирснийхээ үр дүнг төр засгаас ийнхүү хүртлээ.




Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, П.Мөнхтулга болон аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав нар хотонд нь гардуулан өгсөн юм.


Сумынхаа 1 дүгээр багийн Борхын цагаан овоо хэмээх газар өвөлжиж буй аваргынх дөрвөн төрөл дээр мал сүргээ өсгөж, хонь, ямааныхаа, “Сангийн далай хурдан удмын адуу”-ны нутгийн цөм сүрэг бий болгоход ихээхэн анхаарч ажиллаж байна.

Аймаг, сумын үзэсгэлэнд тогтмол оролцож, 2010 онд шилмэл малын төрөлд азаргаараа, 2019 онд айргаараа тэргүүн байр эзэлж байжээ. Тэрбээр 2010 онд “Сумын сайн малчин”, 2016 онд “Аймгийн сайн малчин” болжээ.



“Энэ шагнал ганц надад ирсэн шагнал биш. Хань, үр хүүхэд, айл саахалтууд, ахан дүүсийн тус дэмжлэг их байдаг. Тэдний минь хамтын шагнал гэж бодож байна. Аав, ээжээсээ тасалж өгсөн өмч хөрөнгийг өсгөж үржүүлж, зах зээлд борлуулахдаа эдийн засгийн тооцоотой байж, уйгагүй хөдөлмөрлөж чадвал заавал амжилтад хүрнэ” гэж улсын аварга малчин Л.Нэргүй ярилаа.

Мөн “Охидууд мал маллахгүй байгаа учраас залуучууд мал дээр тогтохгүй байна. Түүнээс биш, адуутай газар залуучууд байдаг. Манай багт ч хэдэн сайхан залуус мал маллаж байна. Малчдын залгамж халааг бэлдэхийн тулд эмэгтэй малчдыг сайн дэмжмээр байна” гэх үгийг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад дайв.



Мал сүрэг олон байх нь өөрт бэрхшээлтэй, бэлчээрт халгаатай, хажуу айл хөршүүддээ ч хэцүү байдаг учраас тоонд биш чанарт анхаарах нь чухал болохыг онцолж байсан юм.

Сар шинийн босгон дээр Өлзийт сумаас улс, аймаг, сумын 15 аварга малчин тодорч байна. 

相关新闻