ОРХОН: Он гарсаар гал түймрийн 23 дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүлж байна.
Энэ он гарсаар гал түймрийн 23 дуудлага бүртгэгдэж, 78 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Гал түймрийн шалтгааны дийлэнх нь цахилгаан холболт, ашиглалтаас үүдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэд цахилгаан холболтоо дур мэдэн хийснээс үүдэлтэй ахуйн гал түймэр дийлэнх хувийг эзэлж байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Тиймээс иргэдийг цахилгааны холболт, цахилгаан угсралтаа мэргэжлийн хүнээр хийлгэж, шалгуулахыг анхааруулав. Мөн аймгийн Засаг даргын баталсан “Цагаан сар-2025” нэгдсэн үйл ажиллагааны удирдамжийн дагуу галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид гүйцэтгэж байна.
Энэ хүрээнд өрхүүд угаарын хийн хордлогоос сэргийлэх, цаг агаарын аюултай үзэгдлийн талаарх сэрэмжлүүлэг, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, орон нутагт зорчих жолооч нарт аюулгүй байдлыг хэрхэн хангах, хөлдөх, осгох үед авах арга хэмжээ, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөгөө мэдээллийг өгч байна.