Бодлого нягт уялдаж байж хямралаас хурдан гарна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мөнгөний бодлогын төслийг танилцуулсан юм. Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд хангахаас илүүтэйгээр санхүүгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, улсын валютын нөөцийг сэргээх арга хэмжээг авахаар мөнгөний бодлогын төсөлд тусгажээ. Улсын валютын нөөцийг сэргээхийн тулд төсвийн нэгдсэн, зохистой бодлого явуулах, өрийн эргэн төлөлтийг зөв удирдах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлийг анхаарч ажиллах шаардлагатай аж.
Танилцуулгатай холбогдуулж оролцогчдын зүгээс асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, "Хямралаас гарах эхний зорилт бол эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм. Одоогоор манай улсын өрсөлдөх чадвар дэлхийн 140 орноос 104 дүгээр байранд явж байна. БНХАУ 28, дугаар, ОХУ 45 дугаар байранд байгаа. Мөн хувийн секторын үүрэг хариуцлагыг шинээр харах шаардлага үүсч байна. Ер нь мөнгөний бодлогоор хямралаас гарахгүй гэдэгтээ санал нэг байна. Төсөв, мөнгө болон бусад бүх бодлого уялдаж байж хямралаас хурдан гарна. Ямар ч бодлого гаргасан уул уурхайн болон уул уурхайн бус салбар гэж ангилж гаргах хэрэгтэй" гэлээ.
Харин Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Болд, "Хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилготой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал. Тодорхой саналуудаа бичгээр гаргаад Монголбанкинд хүргүүлсэн байгаа. Олон улсын байгууллагуудын өгсөн санал бүр зөв байдаггүй, алдаа дутагдалтай зүйлүүд байдгийг харгалзан үзэх нь зүйтэй" гэсэн юм. Ийнхүү оролцогч нар асуулт асууж, санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв.
Б.Туул