Туул голын бохирдлыг Өргөдлийн байнгын хороо дахин хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-25 18:15:05

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Туул голын бохирдлын асуудлыг судлах ажлын хэсгийг байгууллаа.

Мөн тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулахаар болсон байна. Өргөдлийн байнгын хороо өчигдөр Туул голын бохирдолтой холбогдуулж ирүүлсэн нэр бүхий иргэдийн өргөдлийг авч хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг хийсэн юм.

Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим үед тасалдаж байгаа аж. Мөн голын сав газрын орчмоос элс, хайрга олборлож байгаа нь газрын хөрсийг эвдэж байгаа төдийгүй арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй бохир усыг Туул голд урсгаж голын усыг ихээр бохирдуулж байгаа юм.

Иймд тус ажлын хэсэг Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг хүлээж байна.

Б.Туул

 

 

 

 

相关新闻