ОРХОН: Сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 24 / МОНЦАМЭ/. Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг аймгийн удирдах шатны шуурхай зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн газар, хотын захирагчийн алба, Баян-Өндөр, Жаргалант сумын удирдлагууд цаг үеийн мэдээлэл хүргэлээ.
Сар шинийн баяртай холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогчийн зүгээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хандаж
9 сартай, 2 настайд хийдэг товлолт улаан бурхны эсрэг вакциныг хүүхдэдээ хийлгээгүй бол нөхөн хийлгэх, бага насны хүүхдийг халдварт өвчин, ханиад томуунаас сэргийлэх, мэргэжлийн байгууллагууд сар шинийн өдрүүдэд чиг үүргийн дагуу үүрэгт ажлаа цалгардуулахгүй гүйцэтгэх, байгууллагын удирдлагууд сар шинээр хөдөө явж золгуут хийх ажилтан алба, хаагчдадаа аюулгүй байдлаа хангах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Мөн сар шинийн өдрүүдээр хариуцлагатай аймгийн жижүүр ажиллуулж, эргүүл хийх үүрэг чиглэл өгсөн. Аймгийн БОЭТ-д нэг иргэн Вьетнам улсад аялаад ирсэн гэсэн өгүүлэмжтэйгээр улаан бурхны нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд улаан бурхны эсрэг 163 тун вакцин байна. Томуу томуу төст өвчний тохиолдол алаг цоог түвшинд, БОЭТ-ийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт, 79 хүүхэд хатгаатай байна гэж Эрүүл мэндийн газрын дарга М.Мөнхцэцэг мэдээллээ.