ӨВӨРХАНГАЙ: Монгол гэрийн урлалыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд Өвөрхангайн урлаачид чухал үүрэг гүйцэтгэсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас сар шинийн баярыг тохиолдуулан “Өвөрхангайн урчууд” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ гаргалаа.
Энэ удаа монгол гэр урлал, гэрийн мод, тавилгыг эрээлэх, цоохорлох өв соёлыг олон нийтэд сурталчилсан юм. Үзэсгэлэнд аймгийн шилдэг өвлөн уламжлагч Г.Амирдаабазар болон Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Арвайхээр сумын урлаачид оролцож, уран бүтээлээ дэлгэн танилцуулахаас гадна монгол модон тавилгыг эрээлж, чимэглэж үзүүллээ.
“ЮНЕСКО-гийн биет бус өвийн төлөөллийн жагсаалтад монгол гэрийн урлалын уламжлалт арга барилыг 2009 онд бүртгүүлэхэд Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Арвайхээр сумын 900 гаруй өвлөн уламжлагчийн материалд үндэслэсэн” хэмээн Соёлын хэлтсийн дарга (Ph.D доктор) Л.Пүрэвлхам хэлж байв. Бат-Өлзий сумын урлаачид жилд 3000 гаруй гэрийн модыг соёлын бүтээлч үйлдвэрлэл байдлаар зах зээлд нийлүүлдэг байна.
Мөн уянга хийцийн гэр улсад алдартай бөгөөд чанар чансаа төдийгүй үндэсний хээ угалзны нарийн зохицол, өнгө дагнаас нь гойд ялгардаг. Түүх сөхвөл, 1938 оны наймдугаар сард Өвөрхангай аймгийн Намын хорооны шийдвэрээр үйлдвэрлэл эрхлэх есөн артелийг тухайн үеийн суурин газар болох хүрээ, хийдийн дэргэд байгуулжээ. Түүний нэг нь Сайн ноёны хүрээ, одоогийн Уянга сумын модны артель юм. Уянгын хүрээнд лам байсан хүмүүсийг артельд ажиллуулжээ.
Тэдний ихэнх нь бурхан шүтээний зураг зурдаг байсан тул гэрийн мод будахад шинэчлэл хийж, бурхны зургийн өнгө будгийн гоёмсог зохицол уянга хийцэд шингэсэн байна.
“Монгол үндэсний хээ угалз таван төрөл байдаг. Гэрийн мод, тавилганы үндсэн суурь өнгө нь ихэнхдээ улаан шаргал байх ба үүн дээрээ үндэсний хээ угалзын бүх төрлийг шингээж өгдөг. Гэрийн мод эрээлэх хамгийн гол зүйл нь өнгөний хоршил юм” хэмээн өвлөн уламжлагч, МУСТА Г.Амирдаабазар ярилаа.
Үзэсгэлэнг Мэргэд сургуулийн 9б ангийн сурагчид хамт олноороо ирж үзэж, монгол гэрийн өв соёл, урлалаас танин мэдэхүйн мэдлэгээ нэмлээ.















