Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг олон нийтэд танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-13 14:17:44

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна.


Үндэсний стратегийг боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, төр болон хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их, дээд сургуулийн багш болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж буй залуучуудын саналыг нэгтгэж, олон нийтэд танилцуулж байгаа юм. Энэхүү стратеги нь уул уурхай, эрчим хүчийг хиймэл оюуны хөгжлийн гол салбар болгон эрэмбэлж, эдгээр салбар дахь Монгол Улсын өвөрмөц давуу талыг ашиглах зорилготой ажээ.


Тухайлбал, Монгол орны өвөрмөц уур амьсгал нь нүүрс, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хослуулан эрчим хүчний хэмнэлттэй дата төвийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Иймд Монгол Улсыг дэлхийн өнцөг булан бүрээс хиймэл оюуны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой газар болгоход энэхүү стратегийн зорилго оршиж байна. Хиймэл оюун /AI/ бол өнөө цагт улс орнуудын ирээдүйн өрсөлдөөний хамгийн том талбар болсон. Түүнчлэн бүтээмжийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэвшилтэт технологи шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг улс орнууд гаргах боломжтой гэдгээрээ онцлогтой.


2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 25.6 их наяд ам.долларын нөлөөг зөвхөн AI авчирна гэсэн судалгаа бий. Нөгөө талдаа, хиймэл оюуныг зөвхөн эдийн засаг гэлтгүй батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбарт ашиглаж эхэлсэн нь тухайн улсын аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн амин чухал хүчин зүйл гэж тооцогдож байна. Тиймээс энэ салбарт дэлхийн улс орнууд стратегиа тодорхойлохоос өөр аргагүй байна. 2017 онд Канад улс анх хиймэл оюуны стратегиа зарлаж байсан бол өнөөдрийн байдлаар, дэлхийн 75 улс хиймэл оюуны /AI/ чиглэлд стратегиа зарлажээ.


Чуулганы үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, “Дэлхий ертөнц хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хөгжил хэмээх өөрчлөлтийн эринд шилжиж байна. Энэхүү технологийн дэвшил нь эдийн засгийн бүтэц, засаглалын тогтолцоо, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжил, цаашлаад дэлхийн хүчний харьцааг өөрчлөх, дэлхий нийтийн  энх тайван тогтвортой байдалд ч цогцоороо нөлөөлж буй хувьсгал боллоо. Энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулан судалгаа, хөгжүүлэлтэд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зайлшгүй шаардлагатай тулгарсан. Иймд сүүлийн үеийн технологийн дэвшлийг хэрхэн улс орны хэмжээнд зөв ашиглаж, салбар бүрд их өгөгдлийг бий болгох, дижитал шилжилтийг эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, тогтвортой хөгжлийн бодлоготой зөв уялдуулах стратеги боловсруулах, шаардлагатай болж байна. Монгол Улс хиймэл оюуны хөгжүүлэгч орон болох боломжтой. Хиймэл оюуны хөгжлийг зөвхөн хэрэглэгчийн түвшинд үлдээх бус, хөгжүүлэгч орон болох стратеги боловсруулах нь бидний зорилго байх ёстой. Бид хиймэл оюуны инновацын төв байгуулах, хөрөнгө оруулалт татах, стартап экосистемийг хөгжүүлэх бололцоотой. Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг энэ сарын 19-нд олон нийтэд танилцуулах болно” гэлээ.


Харин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, “Монгол Улсын хувьд хиймэл оюуныг хэрэглэгч орон. Цаашдаа бүтээгч орон болгохын тулд ямар салбартаа илүү хөрөнгө оруулж, үүнийгээ дагаад төр ямар бодлого, шийдвэр гаргах вэ гэдэгт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хиймэл оюун ухаан өөрөө орчин үед дижитал шилжилтийн ДНХ болсон. Дижитал шилжилт хөгжил дэвшлийн гол тулгуур болсон. Төрд маш их өгөгдөл байна. Төр их өгөгдлийг хувийн хэвшлийнхэн, хиймэл оюуны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудад нээлттэй болгож өгөх шаардлага бий. Бидний хэрэглэдэг технологиуд маш их эрчим хүч зарцуулдаг. Тиймээс хиймэл оюунд суурилсан мэдээлэл технологийн ХАБ байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Үүний дэргэд Дата төвийг мөн байгуулахаар ТЭЗҮ гаргаж байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөл байгуулна. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш чухал. Тэгэхээр ШУА, их сургуулиуд, хувийн хэвшил нийлээд энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг урьж тодорхой хэмжээний дадлага, судалгаа, шинжилгээ хийх цалинтай хөтөлбөрийг зарлахаар төлөвлөж байна. Үүнээс гадна төр засгаас энэхүү ажлуудад  илүү олон хууль, журмаар боомилохгүй байх хэрэгтэй. Мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй хувийн хэвшлийг дэмжиж, татварын онцгой нөхцөл үзүүлнэ” хэмээн ярьсан юм.


Тэгвэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр суурийн төлөөлөгч Д.Матилда ярихдаа, “Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны стратеги тодорхойлох хурал зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Энэ стратегийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил манлайлан оролцох нь чухал юм. Монгол Улсын хувьд аль салбарт хиймэл оюун ухааныг илүү ашиглах шаардлага хэрэгцээтэй вэ гэдэгт бидний хийж байгаа судалгаагаар илүү тодорхой болно. Одоохондоо судалгаа хараахан дуусаагүй байгаа. Дижилтал шилжилтийн хувьд асар их хэмжээний чанартай дата цуглуулах шаардлагатай. Ногоон дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө сайжруулах хэрэгтэй. Хиймэл оюун ухаан дээр ажиллах, хангалттай хүний нөөцтэй болох нь чухал. Мөн хиймэл оюун ухаан цааш хөгжихөд эрх зүйн таатай орчин бий болгох нь чухал. Монгол Улс хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ өөрийн гэсэн санхүүжилтийн схем болон бодлогоо боловсруулах нь зүйтэй юм” хэмээлээ. 











相关新闻