Сум, хороонд ажиллах нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон мэргэжлийн холбоод, их дээд сургуулийн багш, зөвлөх, судлаачаас бүрдсэн 40 оролцогчийг өнөөдрөөс сургагч багшаар бэлтгэж байна.
Эдгээр сургагч багш нар шинээр ажиллаж эхлэх сум,
хорооны нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байранд
чиглүүлэх, мэргэшүүлэх сургалтыг орон нутагт зохион энэ сарын 10-14-нд байгуулах юм.
Цаашид хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан
нийгмийн ажилтны мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэсэн ахисан түвшний,
мэргэшүүлэх сургалтыг олон хэлбэр, төрөл, үе шаттай зохион байгуулах, сургалтын
агуулга, хөтөлбөр, сурах бичгийг цахимжуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр оролцогч
талуудтай хамтран ажиллаж байна.
Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтнууд
хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шуурхай
тусламж үзүүлэх, эрсдэлт нөхцөлийг эрт илрүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх
болон хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудыг холбох,
хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан ажиллах цоо шинэ зохицуулалт орсон. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоол гарч, орон нутагт 565, нийслэлд 268, улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэсэн юм.