ЗАВХАН: Сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд явуулын номын үйлчилгээг авах дуртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-09 12:53:08

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын Соёлын төвийн номын сан явуулын үйлчилгээгээр 360 гаруй хүнд үйлчилжээ.


Эднийх танхимаар болон явуулын үйлчилгээг бүх насныханд хүргэдэг. Ялангуяа сургуулийн өмнөх насныхан, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ахмадууд манай байнгын үйлчлүүлэгч төдийгүй номыг шимтэн уншдаг уншигч, сонсогчтой. Түүнчлэн номтой нөхөрлөхийн ач тус, номтой хамт, үлгэрийн цаг, номын сайн нөхөр, сонирхолтой номын талаар ярилцъя, нутгийн зохиолчдоо танин мэдье чөлөөт ярилцлага, номтой үдэш гэхчлэн олон талын үйл ажиллагааг бүх насныханд зориулан явуулдаг.  


-Манайхаас явуулын үйлчилгээгээр сургуулийн өмнөх насныханд 7 хоногт нэг удаа үлгэрийн цаг буюу үлгэр уншиж өгдөг. Тухайн өдөр уншиж өгөх үлгэрийнхээ баатруудыг цаас, даавуу гээд ашиглаж болох гарын доорх материал ашиглаж хийгээд, зарим үед номын клубийн сайн дурын хүүхдүүдээр уншуулж, хүүхэлдэйн баатруудаа үйл хөдлөлөөр үзүүлж илүү сонирхолтой байдлаар хүүхдүүдэд үлгэрийг уншиж өгдөг. Үлгэрийн цагт цэцэрлэгийн хүүхдүүд дуртай төдийгүй, тухайн үлгэрийн агуулгыг харилцан ярилцаж идэвхтэй оролцдог.


Ер нь үлгэрийг уншиж өгснөөр ургуулан бодох сэтгэхэд нь маш сайн нөлөөтэй байгаа нь ажиглагдсан. Бага насны хүүхдүүдэд зурагт ном үзүүлж, үлгэр, зохиолуудыг уншиж, тухайн дүрийн үйлдэл, зан байдлыг тайлбарлах нь тэдний мэдрэмжийг хөгжүүлэхэд сайн нөлөөтэй.


Мөн манайх явуулын үйлчилгээг сургуулийн сурагчид, ялангуяа дотуур байрны хүүхдүүдэд оройн цагаар үзүүлж байна. Сумын сургуулийн дотуур байранд малчдын 1-5-р ангийн хүүхдүүд ихэвчлэн амьдардаг. Тэд номын сангийн явуулын үйлчилгээ, оройн уншлагын цагийг маш үр дүнтэй өнгөрүүлдэг. Тэд ихэвчлэн танин мэдэхүйн, үлгэрийн номуудыг сонирхож уншдаг. Мөн үеэрээ тухайн үлгэр, танин мэдэхүй, шинжлэх ухааны номуудын талаар харилцан ярилцаж, дүрүүдийн талаарх өөрсдийн бодлоо, сэтгэгдлээ хуваалцахдаа их дуртай байдаг.


Сумын төвийн албан байгууллагуудаар явж номоо хүргэж өгдөг, 10-20 ахмадад гэрт нь ном хүргэж өгч байна. Ахмад уншигчид ихэвчлэн түүхэн роман, үргэлжилсэн үгийн зохиол, шинжлэх ухааны холбогдолтой номуудыг хүргүүлж авдаг. Ялангуяа том үсгээр хэвлэгдсэн номыг ахмадууд унших дуртай байдаг.


Номоо уншиж дуусаад дараагийн удаа тийм ном авна, олж өгөөрэй гэдэг ч юм уу шинэ номын захиалгыг их өгдөг. Гэр бүлээрээ ном захиалж, хүргүүлж уншдаг үлгэр жишээ гэр бүлүүд ч их бий. Танхимаар гэхээс илүү сумын төвийнхөн болон төвтэй ойрхон зусаж байгаа хөдөөний малчид гэртээ хүргүүлж номоо уншдаг, явуулын үйлчилгээг илүү авдаг. 


Манай номын сан нь 10200 гаруй номтой, жил бүр 30-40 шинэ номоор баяжилт хийж байна. Өнгөрсөн жил 100 гаруй шинэ номоор фондоо баяжуулсан. Өнгөрсөн жилээс эхлэн жилд 1 сая орчим төгрөгөөр номын фондоо баяжуулдаг болсон. Өөрсдөө худалдаж авах болон хандиваар номын фондоо баяжуулж байна. Ер нь хүмүүсийн бэлэг, хандиваар шинэ ном хүлээн авах бүртээ уншигчдынхаа өмнөөс баярладаг шүү гэж Алдархаан сумын Соёлын төвийн номын санч Ж.Даваажав мэдээлэв. 

Үлгэрийн цагаар цэцэрлэгийн хүүхдүүдэд номыг таниулах үйлчилгээг үзүүлж байна


Ерөнхий боловсролын хүүхдүүдэд номын хавчуурга хийх, номыг ариг гамтай хэрэглэх, ном сэлбэн засахыг зааж өгдөг


Сумын сургуулийн дотуур байранд амьдардаг малчдын хүүхдүүд орой бүр явуулын номын үйлчилгээг авдаг


Сумын төвийн насанд хүрэгчдэд зориулсан номтой үдэш шинэ номын танилцуулга ярилцлагыг хийдэг

相关新闻