ОРХОН: Барилгачдын талбайг Баян-Өндөр соёл амралтын хүрээлэн болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ шинэ оны босгон дээр 2025 оны төсвөө баталсан юм. Баян-Өндөр сумын хувьд 12 тэрбум гаруй төгрөгийг энэ онд хөрөнгө оруулалт, бусад төсөл хөтөлбөрт зарцуулахаар баталсан байна.
Тухайлбал, Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ өнгөрсөн оноос сум өөрөө төрийн сантай болж төсвийн орлогоо бүрдүүлэх, зарцуулах эрх үүссэн бөгөөд 2025 онд “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар” Хот тохижуулах газар зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд сумын ЗДТГ-т харьяалагдаж эхэлжээ.
Баян-Өндөр сумын ЗДТГ-аас 2025 онд Барилгачдын талбайг шинээр тохижуулж “Баян-Өндөр” соёл амралт, чөлөөт цагийн хүрээлэнг байгуулахад 1 тэрбум төгрөг, төрийн албан хаагчдын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх сантехник инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэхэд 1 тэрбум, төрөөс хийж хэрэгжүүлэх ажлыг иргэдээр гүйцэтгүүлэх ажилд 300 сая төгрөг зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөж, баг бүрд жигд бүтээн байгуулалт хийх онцлог төсвийг баталжээ.