ОРХОН: “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-6-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өвлийн хүнс бэлтгэх, нөөцлөх, нэг цэгээс баталгаат бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Өвлийн идэш–2025” мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулна.
Аймгийн хэмжээнд мал, мах бэлтгэн нийлүүлдэг “Монгема”, “Erdmeat” зэрэг компани нөөцийн махыг жил бүр бэлтгэн нийлүүлдэг бөгөөд энэ жилийн нөөцийн мах нийлүүлэх сонгон шалгаруулалтын тендерийг энэ цаг хугацаанд зарлаад байна.
Өвлийн идэш бэлтгэхтэй холбогдуулан мал бүхий малчин иргэдийн гар дээрээс хямд өртөгтэй мах хүргэх зорилгоор өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд үнэ төлбөргүй оролцох боломжтой тул орон нутгийн малчид, хоршоологчдыг өргөнөөр хамруулан хамтран ажиллахыг хүсжээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод мах худалдах үед ашиглах жин, хэмжүүр нь Стандарт, хэмжилзүйн газрын баталгаажуулалтын шаардлага хангасан байх болон нэг удаагийн бээлий, хамгаалах хувцас хэрэгсэл ашиглах зэрэг шаардлагыг тавьж байгаа юм.
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг Соёл амралтын хүрээлэн буюу Наадмын талбайд зохион байгуулна.

Ulaanbaatar