ХОВД: "Хан алтайн дуулал" цогцолборын үйл ажиллагааг сэргээж тууль хайлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймагт алтайн магтаал, туульст зориулсан “Хан алтайн дуулал” цогцолбор бий.
Алтайн магтаал, туульс зэрэг түүх, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхээр уг цогцолборыг бүтээжээ.
“Хан алтайн дуулал” цогцолборын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулан энэ сарын 3-нд тууль хайлах ёслол хийв.
Энэ үеэр МУСГЗ, Төрийн туульч А.Балдандорж төрийн үйл хэрэг тэгш дүүрэн байж, түмэн олон өвчин зовлонгүй, эрүүл энх байхын бэлгэдэл болгон “Талын хар бодон” гэх тууль хайллаа. Тууль хайлахын өмнө алтайн магтаал хэлж, байгаль
дэлхийгээ аргадсан юм.
Дээрх ёслолд аймгийн удирдлагууд болон “Хан алтайн
дуулал” цогцолборыг барих санаачилга гаргасан нэр бүхий хүмүүс оролцсон гэж
Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
“Хан алтайн дуулал” цогцолбор нь найман метр өндөртэй. 40 гаруй хүний сэтгэлийн хандив, нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд урлаж, цогцолборыг 2017 онд ашиглалтад оруулсан юм.
Монгол Улсын Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуягийн хэлснээр, дархан цаазат амьтдаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэлд төрүүлэм дүрслэлийг үзүүлэхийг зорьжээ.