К.Нехаммер Австрийн Канцлерын албан тушаалаас огцорно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕНА, 2025 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Австрийн Канцлер Карл Нехаммер эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ амжилтгүй болсны дараа огцроно гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр өөрийнх нь тэргүүлдэг Австрийн Ардын нам болон Австрийн Социал-демократ нам хооронд хийсэн хэлэлцээ амжилтгүй болсныг нэгдүгээр сарын 4-ний бямба гаргийн орой олон нийтийн Х сүлжээнд мэдэгдсэн байна.
“Бид олон цагийн турш шударга хэлэлцлээ. Социал-демократ намтай гол асуудлуудаар тохиролцох боломжгүй. Ардын нам амлалтаасаа ухрахгүй. Бид нийгмийн тэтгэмж, бизнесийн эсрэг чиглэсэн арга хэмжээ, түүнчлэн шинээр татвар нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй. Тиймээс бид Социал-демократ намтай хийж буй хэлэлцээг зогсоож, үргэлжлүүлэхгүй” гэж тэрбээр мэдэгджээ.
“Холбооны улсын Канцлер, түүнчлэн Ардын намын даргын хувьд би ойрын хэдэн өдрийн дотор огцорно” гэж К.Нехаммер онцлон тэмдэглээд шилжилтийн үеийг эмх цэгцтэй байлгахыг хүсэж байгаагаа нэмж дурдсан байна.
Reuters агентлагийн мэдээлснээр Австри улсад парламентын шинэ сонгууль явуулахаар товлож магадгүй байна.
Үүнээс өмнө буюу нэгдүгээр сарын 3-нд "Шинэ Австри ба Либерал форум" (NEOS) нам хэлэлцээнээс гарснаар гурван нам Засгийн газар байгуулах оролдлого бүтэлгүйтсэн юм.