БАЯНХОНГОР: "Шинэ суурьшлын бүс"-ийн бүтээн байгуулалт шат дараатай өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Төвлөрлийг сааруулах, Баянхонгор сумыг тэлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологи, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий "Шинэ суурьшлын бүс"-ийн ажлыг 2020 оноос эхлүүлэн бүтээн байгуулалтыг шат дараатай хийж байна.
Тухайн бүсэд өнөөдрийн байдлаар эрчим хүч, шугам сүлжээний дэд бүтцийг нэвтрүүлэн, гэр бүлийн хэрэгцээнд 700 гаруй өрх газар эзэмшиж, сургуульд 634, цэцэрлэгт 362 хүүхэд суралцаж, дотуур байранд 105 хүүхэд амьдарч, 100 айлын орон сууц ашиглалтад ороод буй. Мөн үйлдвэрлэл технологийн шинэ арга ажиллагааг нэвтрүүлэн 1000 тоннын мах ногооны зоорь, ингэний сүүний үйлдвэр, өвлийн 3 хүлэмж, ногоон байгууламжийн тариалалт явуулан хүний сурах, амьдрах, ажиллах орчныг цогцоор нь бүрдүүлээд байгаа юм.
Мөн Шинэ суурьшлын бүсийг автозамтай холбох ажлыг улсын төсвийн 7.9 тэрбумын төсөвт өртгөөр 2022 оноос эхлүүлснээр 2024 онд дуусаж, 10 км автозамын гүйцэтгэл дээр улсын комисс ажиллаад байна. Түүнээс гадна улсын төсвийн 27 тэрбум төгрөгийн өртгөөр инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийхээр болж, үүнээс дулаан цэврийн 3.2 км, бохирын 2.3 км инженерийн шугам сүлжээний ажил энэ онд хийгдээд дуусаж байна.
Ташрамд, Шинэ суурьшлын бүсэд 140 айлын хаус хороолол байгуулахаар шийдвэрлэж, төслийн гүйцэтгэгчээр “Олон гарам” ХХК шалгарч ажлаа эхлүүлжээ. Эхний ээлжинд 2-3 хаусын загварын байрыг барьж, олон улсын жишигт нийцсэн амины орон сууцтай болох сонирхолтой иргэдэд танилцуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний хүрээнд тус компани төмөр бетон бүтээц - хийцийн үйлдвэрээ байгуулж, тасралтгүй үйлдвэрлэл явуулах материаллаг баазаа бий болгон, 40 тоннын гүүрэн кран, уураар хатаагч зуух, хэв хашмал зэргийг угсран төмөр бетон торхыг үйлдвэрлэх бэлтгэл ажлуудаа хангажээ.