ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал ирэх оны төсөвт тодотгол хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-20 17:43:21

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Монголбанк уг тогтоолын төслийг өнгөрсөн сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Монголбанк энэхүү тогтоолын төсөлдөө эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай давах туулахын тулд хоёр сонголт байгаа. Үүний нэг нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах явдал юм. Хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга батыг хангаж, эдийн засгийг дунд хугацаанд тогтворжуулах арга хэмжээ болно. Энэ хувилбар нь амаргүй ч зайлшгүй сонголт болоод байна хэмээн тусгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын гишүүд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэх, хэрэв тус хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд төсвөө болон мөнгөний бодлогын баримт бичгээ эргэж харах хэрэгтэй хэмээн сануулж байв.

Энэүү асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “АНУ-д ажиллах үеэрээ ОУВС-гийн удирдлагуудтай уулзсан. Гэхдээ ямар нэг гэрээ хэлэлцээр хийгээгүй. ОУВС-гийн ажлын хэсэг 14 хоногийн хугацаатай манай улсад ирж ажиллана. Энэ үед яам агентлагийн дарга нарын байр суурь нэг байх ёстой. Энэ хэлэлцээрээс маш олон зүйл хамаарна” гэлээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд дээрх асуултад, “Засгийн газар ОУВС-тай  тохироо хийгээгүй байна. Ирэх долоо хоногийн даваа гарагаас тус сангийнхан Монголд ирж ажиллана. Үүний дараа хөтөлбөрт хамрагдах, эсэх хамрагдахаа шийдэх юм.

Үүний зэрэгцээ ирэх оны төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Гэтэл ирэх сарын 15-ны дотор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж амжихааргүй байна. Хэрэв тус сантай тохиролцоо хийсэн тохиолдол ирэх оны төсөвт тодотгол хийж таарна” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

相关新闻