Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар “ Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ийн төсөл, Баянцагаан багийн “Шар чулуутын энгэр орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” болон Тодотгосон төсвийг хэлэлцлээ. “Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр” төсөлд 9 бүлэг 7 дэд бүлэг 119 зорилт түүнийг хэрэгжүүлэхэд 297 арга хэмжээ төлөвлөжээ.
Эдгээрийг хэрэгжүүлсэнээр Яаралтай түргэн тусламжийн төв байгуулж, шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангагдах, Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад оруулах зэрэг олон эерэг үр дүн хүрэх зорилт дэвшүүлсэн байна.
Төслийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Засаг даргын зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу, "Өвлийн спортыг хөгжүүлэх ордон байгуулахад Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлээр төсөлд нэмж санал оруулах нь зүйтэй" гэв. Мөн Засаг даргын зөвлөх Д.Цагаач, "Аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтрах нь зүйтэй. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн музейг олон нийтэд үзүүлэх нь чухал. Эрдэнэт хот бол үйлдвэр дагаж боссон томоохон бүтээн байгуулалт тул үйлдвэрийн түүхэн музейг орон нутгийн иргэд болон жуулчид үзэх эрх нээлттэй байх ёстой юм.
Мөн аймгийнхаа хөгжлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хаалт хөгжлийн менежмент”-тэй уялдуулах, Зөвлөлдөх үйлчилгээг нэвтрүүлэх, Жаргалант сум аймаг хоёрын дундах талбайг “Амралтын бүс” болгох хэрэгтэй" гэлээ. Ийнхүү “Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд дээрх саналуудыг тусгаж ирэх даваа гаригт дахин Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр боллоо.
Б.Оюун-Эрдэнэ