БУЛГАН: Мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхийг 5 сарын хугацаатай хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны арванхоёрдугаар 20 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын А/770 дугаар захирамжаар 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо.
Булган аймгийн нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуур, цөөрмийн мөсний зузаан Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 01/174 дугаар дүгнэлтээр том голуудын эрэг дагуух мөсний зузаан 3-27 буюу олон жилийн дунджаас 15-44 см хэмжээгээр бага мөс цөмрөх эрсдэл их байгаа юм.
Сумын нутаг дэвсгэрт орших гол мөрөн, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр явганаар, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр явах болон мал туух зэрэг хөдөлгөөн хийхийг хориглох, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, гарам бүхий газрын ойролцоо амьдардаг малчин өрхүүдээр хөдөлгөөнт хяналт тавих болон бусад ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Мөсний зузаан 7 см-ээс бага бол мөсөн дээгүүр явган хүн явахад цөмрөх аюултай,
10 см зузаантай мөсөн дээр 1 хүн загасчлах боломжтой
12 см зузаантай мөсөн дээр цасны машин болон мотоцикл явах боломжит даацтай
20-30 см зузаантай мөсөн дээр жижиг суудлын машин явах боломжит даацтай
30-40 см зузаантай мөсөн дээр жип болон пикалын машин явах боломжит даацтай
40-60 см зузаантай мөсөн дээр 10-20 тн даацтай машин явах боломжтой
70-100 см зузаантай мөсөн дээр 30-40 тн даацтай машин явах боломжтой гэж үздэг байна.
Сэлэнгэ мөрөн болон жижиг гол, горхид өтгөн зайр гүйх үзэгдэл идэвхжиж, мөсний даац хүн, мал, машин явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.