ОРХОН: Энэ онд 10 блок 862 айлын шинэ орон сууц ашиглалтад оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 18/ МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадвар”-ын үзүүлэлтийг танилцуулдаг. Энэхүү үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон аймаг сүүлийн жилүүдэд тасралтгүй тэргүүлж байгаа юм.
Үйлдвэр дагасан хот учраас 2020 оноос хойш иргэдийн дунд шинээр баригдах орон сууцны эрэлт нийлүүлэлт нэмэгдэж байрны үнэ Улаанбаатар хотын жишигт хүрээд байна.
Сүүлийн 4 жилийн үзүүлэлтийг харахад 2021 онд 466 айлын шинэ орон сууц, 2022 онд 689 айлын, 2023 онд 732 айлын, 2024 онд 10 блок бүхий 862 айлын орон сууц шинээр баригдсан байна.
Барилга хот байгуулалтын яамны судалгаагаар Орхон аймаг шинэ орон сууц бүтээн байгуулалтын ажлаараа нийслэлийн дараа буюу улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдэж, 2020 оноос хойш орон сууц шинээр их барьсан гэсэн судалгаа гарчээ.
Ихэвчлэн барилгажиж буй хороолол болох 1а, 2а, 7а, 7-р хороолол зэрэг байршилд шинэ орон сууцнууд баригдаж, үнэ ханшийн хувьд м.кв нь 3 200 000-4 500 000 төгрөгийн хооронд дунджаар 3 200 000 орчим төгрөг болтлоо нэмэгдсэн байна.
Худалдан авалтын хувьд баригдаж байх явцдаа эрэлт ихтэй байгаа бөгөөд орон сууцны үнэ огцом өссөн нь Орхон аймгийн иргэд шинэ орон сууцанд амьдрахыг эрмэлзэх болсон, мөн шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд их болсонтой холбон албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Өмнө нь Орхон аймаг буюу Эрдэнэт хот 6 нэр бүхий хорооллын 93 блок угсармал орон сууцтай байсан үе бий.