БУЛГАН: 630 малчин өрхийн 190 мянган толгой мал отроор өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн 16 сум, 1 тосгоны 75 багийн 11.4 мянган малчин, мал бүхий өрхөд 3 сая толгой мал өвөлжинө.
Тус аймгийн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, 30 хувьд хэтэрчээ. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 46 хувь бэлчээрийн нөөцтэй, 21 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 26 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 2 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 5 хувьд даац олон дахин хэтэрсэн байна.
Тодруулбал, Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр, Баян-Агт, Орхон сумын зарим багийн нутгаар даац хэтэрчээ.
Бэлчээрийн даац болон зудын эрсдэлийн улмаас өөр аймгийн нутагт 38 малчин өрхийн 15.1 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 411 малчин өрхийн 81 мянга, хилийн зурвас бүс нутагт 34 малчин өрхийн 1.3 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 133 малчин өрхийн 86.7 мянга, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 14 малчин өрхийн 5.2 мянга, нийт 630 малчин өрхийн 190 мянган мал отроор өвөлжих болсныг Булган аймгийн ХХААГ-аас мэдээллээ.