БАЯНХОНГОР: Хоёр сум цагаан зудын байдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтоод байна. Улсын хэмжээнд хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23.0 см, Жаргалант, Баянбулагт 13.0 см цасан бүрхүүлтэй байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Жаргалант, Бөмбөгөр, Баянговь сумд цагаанаар зудархуу байдалтай гарсан байна. Судалгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргажээ.
Их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болдог. Ердийн зуншлагатай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 12-15см, хээрийн бүсэд 8-10см, говийн бүсэд 5-6см болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна.
Зуд гэдэг нь өвлийн улиралд тохиолддог, цаг агаартай холбоо бүхий байгалийн гамшигт үзэгдэл юм. Цагаан зуд гэдэг нь цас, их хэмжээгээр орж, хүйтэнтэй хавсарсан цаг уурыг хэлдэг бөгөөд мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогдох нөхцөл үүсэхийг хэлдэг. Мөн зудыг дотор нь цагаан зуд, харын зуд, шуурган зуд, хүйтэн зуд, хавсарсан буюу туурайн зуд гэж ялгасан байдаг.
Сонирхуулахад, Энэ жил Баянхонгор аймгийн 20 сумын 102 багийн 8.3 мянган хот айл, 13.2 мянган малчин өрхөд 3.4 сая толгой мал өвөлжиж байна.