БНХАУ-д тавьсан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ямар ч гэрээ хийгдээгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-19 16:30:27

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-19-ны өдөр  БНХАУ-д  айлчлал хийсэн. Энэхүү айлчлалынхаа хүрээнд их хэмжээний зээл авахаар явсан гэх мэдээлэлд тэрбээр өнөөдөр тайлбар өгөв.

МАН-ын дарга М.Энхболд эрх барьж буй намын даргын хувиар Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний хуралдаанд оролцов. Энэхүү хуралдаанд 50 гаруй орны засгийн эрх барьж буй 70 гаруй улс төрийн намуудын удирдлага оролцож, Дэлхийн  эдийн засгийн  засаглалыг сайжруулах чиглэлээр улс төрийн намууд хэрхэн ажиллах тал дээр санал бодлоо солилцжээ. Уг хурлын үр дүнд улстөрийн намуудын удирдлагуудад хандсан 16 зүйл заалттай уриалга гарсан аж. Түүнчлэн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Жинпин болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хөгжлийн зээл олгох хүсэлт тавьжээ.

Энэ зээлийн асуудлын тухайд тэрбээр, "2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай улс гаргах ёстой байснаас болоод хоёр жилийн хугацаанд тус хөнгөлөлттэй зээлийг ашиглаж чадаагүй. Тиймээс Монголын талд ашигтай байх нөхцлийг судалж үзээч, дээрх 15 хувь дээр хөнгөлөлт эдлэх боломж байгаа эсэхийг судлах санал тавьсан. БНХАУ-ын дарга Си Жинпин "Экзим" банкинд энэ талаар чиглэл өгч, Монголын талд ашигтай байдлаар энэ зээлийг ашиглах хугацааг түргэтгэх тал дээр дэмжиж хэлье гэсэн асуудал яригдсан. 

Хоёроос доош хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай байх нөхцлөөр хөгжлийн зээлийн эх үүсвэр олдвол манай эдийн засагт тус болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өмнө нь манайх 5.2-10.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авсан. Эдгээрийг төлөх цаг хугацаа туллаа. Бид 60 хоногийн дараа 580 сая ам.долларыг өмнө авсан зээлийн төлбөрт өгөх ёстой. Тэрхүү төлбөр тооцоог хийхээр олон талын хөрөнгө санхүүгийн боломжийг судалж байна.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Японд, Сангийн сайд, Монголбанкны удирдлагууд АНУ-д айлчиллаа. Үүний зэрэгцээ Лондон, Сингапур дахь санхүүгийн байгууллагуудтай яриа хэлэлцээр хийж байна. Энэ мэтээр олон байгууллагад хандаж байгаагийн нэг нь Хятадын төр засагт тавьсан дээрх хүсэлт юм.

Ямар нэгэн зээлийн гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. Хятадын тал судалж байж хариугаа өгнө гэсэн. Хариу өгсөний дараа зээл авах болвол манай улсын Засгийн газар ямар хэмжээтэй, ямар зориулалттай авах вэ гэдгээ асуудлаа боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой. УИХ үүнийг нь хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Ямар нэг улстөрийн зорилгоор гүтгэлгийн чанартай олон нийтэд мэдээлэл түгээх нь зохимжгүй юм" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻