Хонконг: Үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан 45 хүнд ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-19 17:49:20

ХОНКОНГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /Reuters/. Хонконгийн Дээд шүүх ардчиллын төлөө тэмцэгч 45 идэвхтэнд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан хэргээр 10 хүртэлх жил хорих ял оноожээ. 


Энэхүү шийдвэр нь Ази тивийн санхүүгийн төв болсон Хонкогт ардчиллыг дарангуйлах үйл ажиллагааг эрчимжүүлсэн ээлжит алхам болсноороо олон улсын анхаарлыг ихээхэн татлаа. Олон улсын тавцан дахь Хонконгийн нэр хүндийн чухал илэрхийлэл болох хууль дээдлэх ёс, иргэний эрх чөлөөнд томоохон цохилт боллоо гэж шүүмжлэгчид үзэж байна.


Мягмар гарагт ял сонссон эдгээр идэвхтэн Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагчид бөгөөд тус бүс нутгийн өөртөө засан тохинох эрхийг хамгаалах, Хятадын эрх баригчдын нөлөөг эсэргүүцсэн тайван жагсаалд оролцож байсан хүмүүс ажээ. 2020 онд тус хотод улс төрийн эрх чөлөөг хязгаарласан шинэ хууль батлагдсаны дараа тэдний эсрэг хэрэг үүсгэсэн байна. Хятадын тогтоосон шинэ стандартад нийцээгүй хууль бус жагсаал цуглаан, улс төрийн бусад хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, оролцсон гэх үндэслэлээр тэднийг "үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан" гэж буруутгажээ.


Энэхүү шийдвэр нь Хятад ус Их Британийн колони байсан тус бүс нутагт тавих хяналтаа чангатгаж, Хонконг дахь ардчилсан институцүүдийг бодитоор устгаж байгааг харуулж байна гэж олон улсын ажиглагчид болон хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.


相关新闻