Орос-Беларусийн хээрийн сургуулийг нутгийн гүнд хийхээр шийдвэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК, 2025 оны тавдугаар сарын 29 /DW/. Энэ оны есдүгээр сард Оросын талтай хамтран хийхээр төлөвлөсөн цэргийн сургуулилалтыг НАТО-гийн гишүүн орнуудтай залгаа баруун хил орчмоос шилжүүлж, нутгийн гүнд хийхээр Беларусийн эрх баригчид шийдвэрлэжээ.
Бишкек хотод болж буй Хамтын аюулгүй
байдлын гэрээний байгууллагын батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн
хуралдааны үеэр Беларусийн Батлан хамгаалахын сайд В.Хренин энэ тухай мэдэгдсэн
байна.
“Запад-2025” хээрийн сургуулийн хамрах хүрээ далайцыг багасгаж, үндсэн маневруудыг Беларусийн нутгийн гүнд хийхээр төлөвлөсөн
хэмээн сайд хэлснийг БХЯ-ны Telegram суваг дахь хуудсанд дурджээ.
Түүний хэлснээр, төлөвлөгөөт
сургуулилалт нь хэн нэгний эсрэг чиглээгүй бөгөөд үндсэн маневруудыг хилээс
холдуулан хийхээр шийдвэрлэсэн нь бүс нутаг дахь түгшүүртэй байдлыг намжаах,
яриа хэлэлцээ хийхэд Беларусь улс бэлэн байгааг илтгэн харуулж байна.
Уг хээрийн сургууль Украины хилд хэр ойрхон явагдах вэ гэсэн асуултад сайд хариулсангүй. Харин сайдын туслах В.Ревенко хэлэхдээ, “Запад-2025” сургуулилалтад оролцох цэргийн албан хаагчдын тоо хоёр дахин цөөрч, 100 мянга орчим болно гэдгийг дурдав. Ийм төлөвлөгөөт сургуулилалтыг жилд 3-4 удаа хийдэг ажээ. Үүний хариуд НАТО-той хамтран сүүлийн жилүүдэд болж байгаагүй өргөн хэмжээний цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байгаагаа Польшийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский Варшавт болсон Гадаад хэргийн сайд
нарын уулзалтын үеэр мэдэгдэхдээ “Оросын тал Беларусийн нутагт ямар нэгэн
сэжигтэй үйлдлүүд хийж байна” гэж анхааруулсан боловч энэ талаар тодорхой зүйл
хэлээгүй ажээ.