Kyodo: Абэ Акиэтэй Путин уулзсан нь харилцаа сайжрах дохио байж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 30 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн бэлэвсэн гэргий Абэ Акиэтэй уулзсан нь “хоёр улсын харилцаа сайжрах дохио” байж магадгүй гэж Kyodo агентлаг дүгнэжээ.
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса өмнө нь мэдэгдэхдээ, засгийн газар Абэ Акиэгийн Орост хийх айлчлалын талаар түүнтэй уулзаж ярилцаагүй гэдгийг дурдаад Путинтэй хийсэн уулзалтын талаар тайлбар өгөхгүй гэсэн юм.
Хоккайдогийн их сургуулийн орос судлалаар мэргэшсэн профессор Мититака Хаттори “Асахи” сонинд өгсөн тайлбартаа, Японы эрх баригчид Абэ Акиэгийн айлчлалыг урьдчилан мэдэж байсан боловч "төдийлөн дэмжээгүй" гэжээ. Японы тал энэ уулзалтын талаар мэдээлэл цуглуулахын тулд орчуулагчаа хамт илгээсэн байж магадгүй гэж тэрбээр хэлсэн байна.
В.Путин энэ сарын 29-нд Москва хотноо Абэ Акиэг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч хэлэхдээ, түүний нөхөр Абэ Шинзо Орос-Японы хамтын ажиллагааг бүрэн сэргээхийг чин сэтгэлээсээ эрмэлзэж, энэ зорилгод хүрэхийн тулд олон зүйлийг хийж байсан хэмээн онцлоод Абэ Шинзогийн хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг Орос улсад марталгүй санаж явдаг гэжээ. Хариуд нь Абэгийн бэлэвсэн гэргий хэлэхдээ, талийгаач нөхөр нь Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа ч гэсэн Путинтэй дахин уулзана хэмээн найдаж байсныг дурджээ. Мөн тэрбээр Орос, Японы соёлын болон хүмүүнлэгийн харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Абэ Шинзо 2012-2020 онд Японы Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хоёр орны харилцааг идэвхтэй хөгжүүлж байв. Тэрбээр Ерөнхийлөгч В.Путинтэй нөхөрсөг харилцаа тогтоосон бөгөөд тэд 27 удаа уулзжээ.