Ц.Элбэгдорж: Иргэдийн төлөө хамгийн ойр ажиллах төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцоорой

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-10-19 12:29:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд саналаа өгөв. 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэлсэн. Монгол Улсын төрийн тэргүүн уламжлал ёсоороо морин цагт буюу 11.40 цагт гэргийн хамт саналаа өглөө.  

Тэрбээр сонгуульдаа оролцож саналаа өгсний дараа "Энэ удаагийн сонгууль иргэдэд хамгийн ойр байх, ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгох сонгууль юм. Иргэдийн төлөө хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх төлөөлөгчдийг үүгээр сонгоно. Тиймээс нийт иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна. Сонгуульд оролцогчдод амжилт хүсье" гэлээ. 

Ерөнхийлөгчийн санал өгсөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо буюу 3 дугаар тойргийн 1951 дүгээр хэсгийн хороонд нийт 2335 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ. Өглөөний 11.00 цагийн байдлаар ирц 10 хувьтай байсан бөгөөд санал өгсөн нийт иргэдийн 90 орчим хувь нь ахимаг насныхан байгаа аж. Саналын хуудсаа буруу бөглөж, саналаа хүчингүй болгосон 1 иргэн байгаа бол "Түр хасав" тэмдэглэгээтэй байж байгаад ирж саналаа өгсөн 2 иргэн байгаа аж. Нийт 333 иргэн "Түр хасав" тэмдэглээгээтэй байгааг тус хэсгийн хорооны дарга С.Сайханцэцэг танилцууллаа.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар тойрогт хоёр мандатын төлөө гурван намын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм байна. Харин хэсгийн хороонд хоёр намын дөрвөн ажиглагч тус хэсгийн хороонд ажиллаж байна. 

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻