БАЯНХОНГОР: Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн судлаач, ахлах референт Т.Оюунаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллалаа.
Хяналт, үнэлгээний үндэсний хорооны ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, салбарын хяналтын чиглэл болон төрийн албан хаагчдын дунд хууль эрх зүйн орчин, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 21 аймагт сургалт, хэлэлцүүлэг хийж байгаа юм.
Сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч албан хаагч 67 хүнийг хамруулан зохион байгуулав.
Сургалтаар Процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах зэрэг сэдвээр мэдлэгээ дээшлүүлсэн байна. Мөн Үнэлгээ мониторингийн эрх зүйн орчин, тогтолцоо, шинэчлэлийн бодлогын талаар “Мониторинг хийх нийтлэг журам”, “Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам” зэрэг гурван журмын төслийн танилцуулгыг хийж, санал авлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэл бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлэх зорилгоор тус сургалтыг орон даяар зохион байгуулж буй аж. Мөн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд шинээр болон шинэчлэн боловсруулсан журмын төслүүдийг танилцуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөд чиглэжээ.
