БАЯНХОНГОР: Дархлаажуулалтын бэлэн байдлыг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах бэлэн байдлыг хангах нь сэдэвт сургалтыг сум өрхийн ЭМТ-ийн дарга, вакцинатор, ЕБС-ийн захирал, эмч нарт зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 тоот тогтоолоор баталсан үндэсний товлолын дагуу жил бүр 11 насны бүх хүүхдийг Хүний папиллома вирус(ХПВ)-ийн халдварын эсрэг вакцинаар нэг тунгаар товлолын дагуу дархлаажуулна.
Эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia нэгдсэн цахим портал үйлчилгээгээр дамжуулан хүүхдийнхээ ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан талаарх лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг авч болох юм.

Монгол Улсын дархлаажуулалтын тухай хуульд зааснаар “заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг хэлэх бөгөөд иргэн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу сэргийлэх тарилга хийлгэх, тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй гэж заажээ.