Сайхандулаан сумынхан өвлийн бэлтгэлээ 70 орчим хувь хангаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайхандулаан суманд энэ өвөл 176 мянга, 396 толгой мал өвөлжих тухай мэдээллийг сумын ЗДТГ-аас гаргажээ.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд тус сум Аюулгүй нөөцдөө 40 тонн өвс татан төвлөрүүлэх даалгаврыг 100 хувь биелүүлсэн бол 30 тонн тэжээл бэлтгэхээс ердөө 3.5 тонныг л бэлтгэлээ.
Харин малчид 65 тонн өвс бэлтгэсэн бөгөөд сумын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 70 орчим хувьтай байгаа талаар сумын ЗДТГ-ын дарга Б.Ганбат ярив.
Сайхандулаан сумын нутаг адуу бэлчээрлэхэд нэн таатай учир хөрш зэргэлдээх Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Өндөршил, Говьсүмбэр аймгаас малчид бэлчээр судлаж олонтаа ирж байгаа аж.
Ноднин жил л гэхэд бусад сум, аймгаас ирсэн 3000 гаруй адуу тус суманд оторлож бэлчээр талхалсныг санаж энэ жил бэлчээрийг зөв зохистой ашиглахаар болсон байна.
Х.Эрдэнэбулган