БАЯНХОНГОР: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 4.8 байсан нь 3.9 болж буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-31 15:59:20

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Жендэрийн үндэсний хорооноос цахимаар танилцууллаа.


Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Баянхонгор сумын төрийн 31 байгууллага, 20 сумын Засаг даргын Тамгын газрын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй албан хаагч цахимаар болон танхимаар хамрагдсан байна.

Үйл ажиллагааг нээж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг үг хэлэхдээ, "Манай аймгийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 4.8 байсан бол сүүлийн жилүүдэд 3.9 болтол бууруулж чадсан. Цаашид арга хэмжээний төлөвлөгөөг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоонд суурилан үр дүнтэй хамтран хэрэгжүүлнэ" гэдгээ илэрхийллээ.


Уг арга хэмжээний үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийв.


Мэдээлэлд, монгол эрэгтэй, эмэгтэй хүний наслалтын зөрүү сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж, 9.6 хувь болсон нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгааг дурдаад үүнд эрүүл мэндийн салбар дангаараа үүрэг хүлээх бус олон салбар дундын нягт хамтын ажиллагаа чухал болохыг хэлсэн юм. Түүнчлэн наслалтын зөрүүг багасгахад Засгийн газар тодорхой ямар ажлууд хийхээр төлөвлөж буйг, үүнийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах боломж, шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.


ЖҮХ-ноос эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ үл хайхрах буруу хандлагыг өөрчлөх, иргэн хүн бүрд бага балчраас нь эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хорт зуршлаас зайлсхийх зэрэг нь онцгой чухал болохыг тэрээр онцлов. Мөн монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд амьдралын буруу хэв маяг, архи, тамхины хэт их хэрэглээ, стресс бухимдал, нийгэм соёлын ялгаатай байдал, улс төр, эдийн засгийн сөрөг нөлөөлөл зэрэг нь голлох шалтгаан болж байгааг мэдээлсэн юм.

相关新闻