Өргөмжит консул Дэвид Скотт Дундговийн Засаг даргатай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-18 12:30:37

Монгол Улсаас Шотландад суугаа Өргөмжит консул Дэвид Скот өнгөрөгч амралтын өдөр Мандалговь хотод хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэтэй уулзсан юм. Уулзалтын үеэр хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх талаар ярилцсан бөгөөд Засаг даргын зүгээс илэрхийлсэн гол нэг хүсэлт нь бөөр орлуулагч эмчилгээний аппараттай болоход дэмжлэг үзүүлэх тухай байв.  

Бөөр орлуулах эмчилгээний аппарат Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт байдаггүйгээс бөөрний дутагдалд орсон иргэд Өмнөговь аймгийн бүсийн оношлогооны төвийг зорьдог. Энэ нь өвчтөн, тэдний ар гэрт багагүй бэрхшээлийг дагуулдаг бөгөөд орон нутагтаа бөөр орлуулагч эмчилгээний аппараттай болох нь Дундговь аймгийн хувьд яаралттай шийдэх тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа юм. Энэ асуудлыг шийдэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг ийнхүү хүсчээ.

Өргөмжит консул Дэвид Скотт өөрийн үүсгэн байгуулсан “Yamaa Trust” буяны байгууллагаар дамжуулан Дундговь аймгийн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд шинэ гэр өгч,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд амин дэм бэлэглэн, асаргаа сувилгаа үзүүлэх, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлэгийн багаж хэрэгсэл өгөх зэргээр сүүлийн гурван жил үйл ажиллагаагаа Дундговь аймагт хандуулж ирсэн байна.

 Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Шотланд улсын аль нэг хоттой харилцаа тогтоох, жижиг дунд бизнес эрхлэгчдийг холбон, Дундговь аймгийн үйлдвэрлэгчдийн эсгий эдлэл, гар урлалын бүтээгдэхүүнийг Шотландын зах зээлд нийлүүлэх, боловсролын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, соёл урлагийг сурталчлах  гэх зэргээр хамтран ажиллах хүсэлтээ Засаг дарга О. Бат- Эрдэнэ илэрхийлжээ.

Т. Отгонтуяа         

 

相关新闻